Улаанбаатарын хамгийн таатай оффис

Уншигчдаасаа Улаанбаатарын таатай оффисуудын талаарх саналыг нь авч байхад “Мобиком” корпорацийн шинэ оффис гэсэн хариу олноор ирсэн юм. Бид ч тус компанийн шинэ оффисын талаар өндөр хүлээлттэй байснаа нуух юун. Тавдугаар сард ашиглалтад орсон, Сэлбэ голын дэргэдэх MPM цогцолборт байрших Мобикомын будаг нь ханхалсан шинэ оффис үнэхээр ч бидний хүлээлтэд нийцэж, энэ жилийн жагсаалтыг маань чимсэн билээ.
Мэдээлэл, харилцаа холбоогоор 1.5 сая хүнийг хангаж, ажил амьдралыг нь хөнгөвчлөн таатай амьдралд хөтөлдөг тус байгууллага дотооддоо таатай ажлын орчныг бүрдүүлж, 1500 гаруй ажилтнаа дулаан уур амьсгалаар хангажээ. Ингээд “Internet of Things” буюу “Юмсын интернет” технологийн эрин үеийг хэрэглэгчдэдээ авчрахаар тэмүүлэн ажиллаж буй тус корпорацийн орчин үеийн интерьерийн шийдэл бүхий шинэ оффисоор хамтдаа аялцгаая.